Чанаргүй зээлдэгчдээ зарласнаас хойш хөгжлийн банк 49.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хүлээн авчээ. Гэхдээ хөгжлийн банкны төлөөлөл 50 гаруй зээлдэгчтэй уулзалт хийхэд зээлдэгчдийн зүгээс ханшийн хөрвөлт хийх, зээлийн хугацааг сунгах чиглэлээр нийтлэг хүсэлт тавьж байгаа юм байна. Ямартай ч зээлдэгчийн барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол банкны зүгээс хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлнэ гэж байна. Харин уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байна.
Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй ангилалд багтсан зээлдэгчдээс гадна улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тус банканд төдийгөөс өдий хүртэл ажилласан хүмүүс холбогдох нь хууль, хяналтын байгууллагын мөрдлөгөөр нэгэнт тодорхой болоод байгаа. Тэр тусмаа тус банкнаас олгосон зарим зээл улс төрчдийн нөлөөгөөр бүлэглэлийн шинжтэй байсан, эрсдэлгүй гэж дүгнээд зээл олгосон асуудал ч багтаж байна. Учир нь хөгжлийн банкны 71 зээлдэгчийн баримт материалд зээлийн бүрдүүлбэр хангагдсан эсэхээр, устгасан эсэхэд шалгалт хийхэд 47 нь алдаатай, дутуу буюу 66 хувь нь зөрчилтэй байжээ.
Хөгжлийн банкны 66 зээлдэгчээс 20 нь зээлээ зориулалтын бусаар зарцуулсан нь одоогоор тогтоосон. Үүний дотор протейны үйлдвэр байгуулахаар зээл авчхаад зээлийг худалдааны бизнестээ зарцуулжээ.
Мөн сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хяналт, шалгалтын ажилд саад болж байгаа хүмүүсийг шаардлагатай бол зарлана гэдгээ Хөгжлийн банкнаас мэдэгдлээ.