2022 онд манай улсын эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “ковид-19” цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт Монголбанкны төсөөллөөс зөрүүтэй байсан. БНХАУ-ын хилийн хязгаарлалт, хөл хорио, дэлхийн зах зээл дэх шатахууны үнийн өөрчлөлт, тээвэр ложистикийн саатал зэрэг асуудлуудаас голчлон улбаалж экспорт хоёр жил дараалан агшилттай гарсан. Гэсэн ч ковидийн эсрэг авч байгаа арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх үе шатанд явж байна гэж Монголбанк үзэж байна

2019 онд эдийн засаг 5,5 хувиар өссөн бол 2020 онд 4,4 хувиар агшжээ. Харин 2021 онд 1,4 хувиар өсж 2022 онд 5,1 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Үүнээс өрхийн хэрэглээний үзүүлэлт эдийн засгийн өсөлтийг хойш нь татаж байгаа том үзүүлэлт. Учир нь өрхийн хэрэглээ эдийн засгийн нийт худалдан авалтын 50 хувийг бүрдүүлж байна. Харин экспортын нөхцөл байдал 2 жил дараалан агшиж, импорт 2020 онд агшилтаас гарч 2021 оноос сэргэж байна.

Харин инфляц мөн тодорхой бус байдал үүсгэсэн байна. Учир нь барааны нийлүүлэлтийн доголдол, хүнс, нефтийн үнийн өсөлт, логистик мөн дотоод эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байгаа нь үүнд нөлөөлжээ.

Энэ хугацаанд нөхцөл байдлыг сайжруулахаар бодлогын арга хэмжээг авч байсан. Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг буулгах, өрх ААН, банк санхүүгийн байгууллагын зээлийн бүтцийн өөрчлөлт хийж зээлийн хугацаа эргэн төлөлтийн хугацааг сунгасан. Гэсэн хэдий ч инфляц цаашид тээвэр, логистикийн асуудал болон гадаад зах зээлээс хамаарч байгаа тул импортын барааны үнээр дамжин нэмэгдэх эрсдэлтэй хэвээр байна.