Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн асуудлаар хууль, хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус банкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан болон зээл авсан гэх 11 хүнийг шүүхээс цагдан хорьсон бол 1 хүнийг цагдан хорихоос татгалзсан.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээлэл байгаа” хэмээх үндэслэлээр 2-р сарын 23-аас 1 сарын хугацаатай цагдан хорьж эхлээд байгаа юм. Гэвч Нийслэлийн прокуророос Н.Мөнхбатыг үндэслэлгүйгээр, өөрийн үзэмжээр цагдан хорих санал гаргасан. Шүүх ч үндэслэлгүйгээр цагдан хорьсон учраас холбогдох байгууллагуудад хандана гэж түүний өмгөөлөгч мэдэгдлээ.
Н.Мөнхбат нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2013-2016 онд ажиллаж байсан. Тэрээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 1.2 их наяд төгрөгийн шууд зээл мөн дамжуулан буюу хөтөлбөрийн 1,2 их наяд төгрөгийн зээлийг олгож байжээ.