Өнгөрөгч 2009 онд Монголын уран зургийн галерейд хадгалагдаж байсан Соц-Реалист үеийн түүхэн сор болсон 900 гаруй бүтээл галд өртжээ. Үүнээс бага хэмжээний гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварласан ч одоогоор 360 гаруй бүтээл сэргээгдээгүй үлдсэн байна. Тэгвэл ХБНГУ урлагийн бүтээлийг сэргээн засварлах туршлага өндөртэй улс. Энэ ч үүднээс Монгол улсад соёлын өвийг сэргээн засварлах 2 дахь том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь Монголын уран зургийн галерей болж байна.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган евро буюу 320 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Төслийг хэрэгжүүлэхээр холбогдох албаныхан гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр төсөл 13 сарын хугацаанд хэрэгжиж, олон улсын стандартад нийцсэн анхны “сэргээн засварлах лаборатори”-ийг Монголын уран зургийн галерейг түшиглэн байгуулж, ирэх 9-р сард ашиглалтад оруулна.
“Сэргээн засварлах лаборатори”-д зөвхөн Монголын уран зургийн галерейн бүтээлүүдээс гадна цаашид улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.