Украин улс Европын холбоонд элсэх албан ёсны хүсэлтэд гарын үсэг зурлаа

Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн улсыг тусгай журмын дагуу Европын холбоонд элсүүлэх хүсэлтээ даваа гарагт албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэрбээр энэ талаар даваа гарагт хийсэн ээлжит цахим мэдэгдлийнхээ үеэр хэлсэн юм. 

Энэ хүсэлт бүхий албан бичигт Украин улс нь Европын холбооны гэрээний 2-р зүйлд заасан үнэт зүйлсийг хүндэтгэдэг мөн Европын улсын хувьд, Европын холбооны гэрээний 49-р зүйлд заасны дагуу Европын холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргаж байна гэж тэрээр мэдэгджээ. Ерөнхийлөгч Зеленський "Бид үүнийг 30 жил хүлээсэн. Тиймээс өнөөдөр би Европын холбоонд элсэх өргөдөлд гарын үсэг зурлаа. Өргөдөл маань Брюссель рүү явсан, хариу хүлээж байна. Цаг нь ирсэн" хэмээн мэдэгдсэн байна.

Энэ асуудлаар Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Евро комиссын дарга Урсула Фон Дер Лейен өнөө орой Парис хотод Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нартай уулзахаар болсон байна.

Украин ЕХ-ны гишүүн болох эрхтэй гэж Зеленський өмнө нь мэдэгдээд байгаа юм. Харин Евро комиссын тэргүүн Урсула Фон Дер Лейен "Европын холбоонд хэдхэн сарын дотор нэгдэх боломжгүй, гүн гүнзгий өөрчлөлтийн үйл явц шаардлагатай байдаг" гэж онцлон тэмдэглэжээ. Үүнтэй төстэй мэдэгдлийг Германы гадаад хэргийн сайд Анналена Бербок хийсэн байна. Тэрээр "Украин Европ хэмээх нэгэн айлын нэг хэсэг боловч ямар ч улс хэдхэн сарын дотор ЕХ-нд элсэх боломжгүйг" хариу мэдэгдэж байсан юм. Харин Украин Европын холбоонд элсэх хүсэлтээ илгээсний дараа хөрш Польш улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд тэдний нэр дэвшигчийн статусыг нэн даруй олгож, гишүүнчлэлийн тухай яриа хэлэлцээг эхлүүлэх ёстойг өнөөдөр мэдэгдсэн байна.