Орос Украины хооронд үүсээд байгаа хурцадмал байдалтай холбоотойгоор дэлхийн томоохон компаниуд ОХУ-ын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдаалахаа зогсоож эхэлсэн. Түүнчлэн “APPLE” компани тус улсад бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Үүний хүрээнд Apple Pay болон бусад үйлчилгээнүүдээ хязгаарлах юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр ажилладаг Оросын банкнуудын аппликэйшнүүд удахгүй ажиллагаагүй болох гэнэ. Түүнчлэн ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу “Rt News” “Sputnik News” зэргийн гар утасны болон Apple утаснууд дахь Web холболтыг зогсоохоор болсон байна. Apple компанийн мэдэгдэлд Орос Украины асуудалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд дайны хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Украины засгийн газрын шадар сайд Михайло Федоров Твиттер хуудсандаа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукт илгээсэн захидлаа нийтэлж байсан юм. Тэрбээр захидалдаа ОХУ-ын зах зээлд Apple компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоож, үйлчилгээнүүдийг хязгаарлах хүсэлт тавьж байжээ.
Өмнө нь Google компани Оросын засгийн газрын санхүүжилттэй мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаанаас олдог орлогыг хааж, Youtube платформыг ашиглахыг хориглоод байгаа юм.
Америкийн спорт хувцас, хэрэгслийн Nike компани мөн Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоожээ. Мотоцикл үйлдвэрлэгч Harley-Davidson компани бас Орос дахь бизнесээ зогсоож байгааг зарласан байна.
Дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгчид болох Данийн “Маерск”, Швейцарын “Msc” компаниуд Оросын зах зээл рүү орох, гарах чингэлэг тээвэрлэлтээ мягмар гарагаас эхлэн бүрэн зогсооно гэдгээ мэдэгджээ. Их Британи улс Оросын ачаа тээврийн хөлгүүдийг боомтууддаа нэвтрүүлэхийг хориглоод байна.