Япон улсын нийт үйлдвэрлэлийн гарц сүүлийн хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд автомашины үйлдвэрлэл огцом буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн талаар тус улсын Аж үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.
Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, үйлдвэрлэлийн гарцын индекс 1-р сард өмнөх сараас 2 хувиар буурчээ. Японы автомашин үйлдвэрлэгчид “омикрон” хувилбарын тархалтын улмаас дотоодын үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хумиад байгаа юм. Мөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэйгээр хагас дамжуулагч үйлдвэрлэгч нарын нийлүүлэлт багассан нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн яамнаас нь үйлдвэрлэгчдийн дунд үйлдвэрлэлийн гарцын ирэх саруудын хэтийн төлөвийн талаар судалгаа явуулахад 3-р сард 5 хувиар, 4-р сард 1 хувиар нэмэгдэх төлөв ажиглагджээ.
Түүнчлэн автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани Япон дахь 14 томоохон үйлдвэр, 28 үйлдвэрлэлийн шугамаа өнгөрсөн даваа гарагаас эхлэн зогсоогоод байгаа юм байна. Үйлдвэрлэлээ зогсоох болсон гол шалтгаан нь ханган нийлүүлэгчдийн тогтолцооны доголдол гэж мэдэгдсэн байна. Харин Японы “NHK” телевизийн сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, ийм шийдвэр гаргасан нь тус компанийн томоохон түншүүд болон ханган нийлүүлэгчид рүү чиглэсэн кибер халдлагатай холбоотой юм байна. Японы кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ройтерс агентлагт мэдээлснээр ерөнхий сайд Кишида Фүмио ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдсэнтэй холбогдуулан Оросын хакерууд цахим халдлага үйлдсэн байх магадлалтай гэжээ. Одоогоор хэн ямар зорилгоор томоохон автомашин үйлдвэрлэгч компанийн ханган нийлүүлэгчдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хохирол учруулсныг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
“Toyota Motor” компанийн Япон дахь бүх үйлдвэр, үйлдвэрлэлийн шугамууд даваа гарагаас эхлэн хаагдсанаар 20 мянга орчим автомашины үйлдвэрлэлд нөлөөлнө гэж “ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Тус компанийн албан ёсны цахим хуудаст нийтэлснээр, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа пүрэв гарагаас эхлэн хэвийн ажиллаж эхлэх юм байна. Япон улсын Кибер аюулгүй байдлын салбар ажиллах хүчний хомсдолд өртсөний улмаас томоохон компаниудаас эхлээд жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүртэл нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.