Хөгжлийн банкны зээлийг “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хэрхэн авсныг эргэн сануулъя. “Бишрэлт Пропертиз”, “Веллмарт” болон “Монгол Мах Экспо” компани нь 2017 оны 12-р сарын 13-нд Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээл авахдаа бодит 23.6 тэрбум төгрөгийн гэрчилгээ болон бодит бус буюу гэрчилгээгүй 10.3 тэрбум төгрөгийн ирээдүйд үүсэх мөнгөн хөрөнгө барьцаалжээ. Тодруулбал, ХУД, БЗД, СХД-т байрлах зарим объект, ирээдүйд бий болох хөрөнгө болон тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө зэрэг 15 нэрийн хөрөнгө барьцаалан зээл авсан юм байна. Зээлийг 31 сар хэтрүүлж, зээлийн өр төлбөр 38.6 тэрбум төгрөг болтлоо хуримтлагдсан. Тиймээс Хөгжлийн банк 2019 оны 12-р сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн мэдээллээр “Бишрэлт Пропертиз”, “Веллмарт” болон “Монгол Мах Экспо” компаниуд буюу зээлдэгч нь зээлийн зарцуулалттай холбоотой баримтыг ирүүлдэггүй, төслийн газар дээрх хяналтаар төсөл ямар шатанд байгаа нь тодорхой бус байгаа зэрэг нөхцөл байдалтай байгаа бөгөөд зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь дараах нөхцөл байдлаар нотлогдож байна гэж үзсэн. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан нотлох баримтууд байхгүй, хангалтгүй. Төслийн газар дээрх хяналтаар агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь гаалийн бичиг баримтгүй, үйлдвэртээ суурилуулалгүй жил болсон бөгөөд зээлдэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмж гэж баталгаажуулах боломжгүй, зээлийн санхүүжилтээр худалдан авсан баримтгүй, баталгаажихгүй, тоног төхөөрөмжийн нэр төрлийг үнийн дүнгээр тулгалт хийх боломжгүй гэжээ.
Тиймээс СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 2-ны шийдвэрээр тус компаниудыг хөгжлийн банканд 32.2 тэрбум төлөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл “Монгол Мах Экспо” компани гэх охин компанийнхаа авсан Хөгжлийн банкны зээлийг өр төлбөртэй нь, махны үйлдвэр байгуулах төсөлтэй нь худалдан авсан гэх “Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” нь саяхан хэвлэлийн хурлаар өгсөн тайлбартаа төслөө хэрэгжүүлж чадаагүй шалтгаанаа цар тахалтай холбон тайлбарласан. Гэхдээ тухайн компаниудын зээл авснаас хойших 2017-2019 онд цар тахал гараагүй.
“Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл”-ийн зээлдэгч нарын асуудал 2020 оны 8-р сарын 26-нд улсын дээд шүүхэд шилжсэн. Одоогоор шүүгч нарт хэрэг хуваарилагдаагүй, шүүх хурал товлогдоогүй гэсэн хүлээлттэй байна. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7-р сарын 27-ны шийдвэрээр дээрх компаниуд Хөгжлийн банканд 29.9 тэрбум төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж байжээ.