Электрон тамхины хэрэглээнээс үүдсэн уушгины шинэ төрлийн гэмтэл нэмэгдэж байна

Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээнээс үүдсэн нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тухайлбал 2020 онд Монгол улсын 3000 иргэн тамхинаас үүдсэн зүрх судасны өвчлөлөөр нас баржээ. Тэгвэл үүн дээр электрон тамхинаас үүдэлтэй өвчлөлүүд мөн нэмэгдэх болж байна.

Электрон тамхийг Монгол улсын хилээр цахилгаан барааны ангилалд багтаан нэвтрүүлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх хувийг БНХАУ болон Камбож улсаас оруулж ирж байна. 2019 онд манай улсад 2000 ширхэг электрон тамхи импортоор орж ирж байсан бол 2021 оны эхний 10 сарын байдлаар эрс нэмэгдэж 2 сая гаруй электрон тамхи импортоор орж иржээ. Дэлхийн зарим улс оронд электрон тамхины хэрэглээг хоригдож байгаа энэ үед манай улс ч электрон тамхины хэрэглээг тамхины хяналтын тухай хуульд тусгах хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн хэлж байна.

Энэ мэтчилэн жил ирэх тусам тамхины хэрэглээнээс шалтгаалсан төрөл бүрийн өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Сүүлийн үед утаат тамхинаас гадна электрон тамхийг дотоод орчинд хэрэглэж болдог, үнэр багатай, олон төрлийн амттай зэрэг шалтгаанаар сонгон хэрэглэх иргэдийн тоо ихсээд байна.

Электрон тамхи нь хилээр нэвтрэхдээ цахилгаан барааны ангилалд багтаж орж ирдэг төдийгүй ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учраас онцгой албан татвар төлдөггүй. Импортоор орж ирсэн электрон тамхийг томоохон сүлжээ дэлгүүрүүд хүний нүдэнд шууд өртөхөөр байршуулан иргэдэд зарж борлуулсаар байна.

ДЭМБ-тай Монгол улсын эрүүл мэндийн байгууллага хамтран хийсэн судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь нь тамхи хэрэглэдэг. Тур дундаа 3,5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Өсвөр насныхны хэрэглээнээс гадна хүн амын дунд үүсээд өвчлөлийг багасгах хүрээнд тамхины хяналтын хуулийн шинэчилсэн найруулгад электрон тамхины хэрэглээг зохицуулсан заалтыг тусгах шаардлага байгаа гэлээ.