ОХУ-ын түрэмгийллийн асуудлаарх НҮБ-ын шуурхай хуралдааны санал хураалтад Монгол улс түдгэлзсэн хариу өгчээ

Лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган Украин улсад үйлдэж буй ОХУ-ын эзлэн түрэмгийллийг буруутгасан агуулгатай хориг арга хэмжээний тогтоолд санал хураалт зохион байгуулжээ. Тус байгууллагын түүхэнд 11 дэх удаагаа дайны асуудлаар зохион байгуулагдсан тусгай чуулганы санал хураалтад дэлхийн 190 орчим улсын төлөөлөл оролцсоноос 141 нь тус тогтоолыг дэмжжээ. 

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн 5 улс нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд тусгай чуулганыг зохион байгуулдаг дүрэмтэй байна. Тогтоол нь ОХУ-ын Украинд явуулж байгаа эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байсан юм.  Санал хураалтад НҮБ-ын бүх гишүүн орнууд оролцсоноос 141 нь хориг арга хэмжээний тогтоолыг дэмжиж, 5 нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Эсэргүүцсэн 5 улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири байлаа. Харин ОХУ-ын ойрын холбоотон байсан Серби улс тогтоолыг дэмжсэн нь энэ удаагийн санал хураалтын нэг дуулиантай мэдээ болсон байна.

Түдгэлзсэн орнуудад Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Пакистан, Казахстан зэрэг улсуудаас гадна Африк тивийн нэлээд хэдэн улс, Ази, Өмнөд Америкийн цөөн улс багтжээ. Мөн Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.