Лхагва гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам анх удаа Украинд амь үрэгдсэн болон шархадсан цэргийнхээ тоог мэдээлжээ. Нийтэлсэн мэдээллээр бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд тус улсын зэвсэгт хүчний 500 алба хаагч амь үрэгдэж, 1,500 орчим нь шархадсан байна.
Харин Украины зэвсэгт хүчин болон үндсэрхэг үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэлээс нийтдээ 3000 хүн амиа алдсан бол 3,700 орчим цэрэг шархадсан гэж ОХУ-ын тал мэдээлжээ. Мөн Украины армийн 500 гаруй цэрэг олзлогдсон байна.
Тэгвэл Москвагийн эрх баригчдын зарласан тоо Украины албаны удирдлагуудын зарлаж байгаа тоо баримтаас эрс зөрүүтэй байгаа юм. Украинд халдан довтолсноос хойш Оросын армийн 6000 гаруй цэргийн алба хаагч алагдсан гэж Киевийн талаас мэдээлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн үүрээр ОХУ-ын цэрэг Украин улсын нутаг дэвсгэрт зэвсэглэн халдсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Киевийн ойролцоо болон Украины хоёр дахь том хот Харьковт талуудын хооронд ширүүн тулаан өрнөсөөр байна.