Энэ онд нийслэлийн 22 хэсэгт 26.95 километр авто замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ

Нийслэлийн иргэд замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг гэсэн судалгаа байна. Түгжрэлд алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо бий. Тэгвэл түгжрэлийг шийдэх урт, дунд хугацааны цогц төлөвлөгөөний хүрээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэх авто замын 22 төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар эдгээрээс 19 ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлагдаж, ажлын явц нь 60 гаруй хувьтай байна. 

2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 хэсэгт авто замын бүтээн байгуулалт хийж нийт 26.95 километр зам тавихаар төлөвлөжээ.

Шинээр баригдах авто зам, замын байгууламжийг задлавал:

  • Гол гудамж зам- 11.47 км
  • Туслах гудамж зам- 15.48 км
  • Гүүр- 1891.2 м2
  • Явган зам- 80850 м2
  • Дугуйн зам- 14.35 км байгуулахаар болжээ. 

Түүнчлэн нийслэлийн замын түгжрэлийг бууруулахын тулд гол гудамж замын сүлжээг бий болгон, нийтийн тээврээр зорчуулах боломж бүрдэнэ гэлээ. Замын ажил хийгдэж буй зарим хэсгүүдэд газар чөлөөлөлтийн ажлыг хийх бөгөөд үүнд нийт 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ

Гол болон туслах замууд, гүүрэн байгууламж, явган болон дугуйн замыг нэмэгдүүлснээр нийслэлийн төв замуудын эрчим, хөдөлгөөнийг 20 хувиар бууруулах төлөвтэй байна.