Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болж өнгөрлөө. Энэ уулзалтаар хоёр тал дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
“Талууд түр гал зогсоох замаар хүмүүнлэгийн коридор хамтран бий болгох тохиролцоонд хүрлээ. Орос, Украины талууд удахгүй уг коридорыг зохион байгуулахад ашиглах харилцаа холбооны шугамыг үүсгэн байгуулна” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайл Подоляк уулзалтын дараа мэдэгдсэн байна.
ОХУ-ын төлөөлөгчдийн ахлаж буй Владимир Мединский мөн ийм тохиролцоонд хүрснийг батлаад бусад хэд хэдэн асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрснийг мэдээлсэн байна. Гэвч талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлжээ.
Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.