АНУ-д өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ үлэмж хэмжээгээр нэмэгдсэнтэй холбогдуулан 2016 онд тус улсын эрх баригчид уг төрлийн бүтээгдэхүүнийг утаат тамхитай нэг ангилалд оруулах зохицуулалт хийн хэрэглээг нь хязгаарлах оролдлого хийж байсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна. Дараагаар нь электрон тамхины хор уршиг нь утаат тамхитай ижил түвшинд байгааг олон удаагийн судалгаагаар олж тогтоон 2020 оны 2-р сараас эхлэн энэ төрлийн тамхины дийлэнх төрлийг улс даяараа хориглох шийдвэр гаргажээ.
Уг хоригт гаа болон бүх төрлийн жимс, элдэв төрлийн амт оруулсан электрон тамхи багтсан бөгөөд ингэснээр АНУ улс даяар тамхины үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 50 мянга гаруй компанийн бүтээгдэхүүнийг борлуулалтаас татсан байна. Харин никотины агууламж сул, элдэв төрлийн жимс, гаа зэргийн амтыг агуулаагүй буюу зөвхөн тамхины суурь амттай зарим төрлийн электрон тамхийг 21-ээс дээш насны иргэдэд худалдаалах зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас 2020 онд олгосон байна.
2019 онд АНУ-д энэ төрлийн тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас 26 хүн нас барсан бол 1600 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэгвэл 2020, 2021 онд буюу сүүлийн 2 жилийн хугацаанд 10 мянга орчим хүн электрон тамхинаас үүдэлтэй уушгины өвчний улмаас яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан бол 80 орчим хүн уг төрлийн тамхины улмаас нас барсан байна. Нас барсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эдгээр хүмүүс нь зөвхөн электрон тамхи хэрэглэж байсан талаар АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс онцгойлон мэдээлжээ.
2020 оноос эхлэн дэлхийн 50 орчим улс оронд электрон тамхины хэрэглээг бүрэн хориглосон бол 30 орчим улсад тусгай зохицуулалт, хэсэгчилсэн хориг, насны хатуу хязгаарлалтын дагуу худалдаалж байна.
Эрдэмтэн судлаачдын мэдээлж байгаагаар ямар ч төрлийн тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүйг анхааруулсаар байгаа бөгөөд утаат тамхи нь бидний бие махбод, эрүүл мэнд зэрэгт ноцтой аюул учруулдаг гэдгийг хүмүүс хэдийн мэддэг болсон. Энгийн тамхи татаж буй хүн тамхиа татаж дуусах үед тархинд нь дууссан хэмээх дохиог өөрөө өөртөө бий болгодог бол харин электрон тамхи нь олон төрлийн содон амт үнэрийг өөртөө агуулсан учраас үүнийг татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүйгээс гадна сорж дуусгахаас нааш татаж байгаа хүний тархинд дууссан гэх дохио ирэхгүй учраас хэзээ дуусахаа мэдэхгүй байгаа нь илүү ихээр донтуулах шалтгаан болдог байна.
Мөн уг тамхинд элдэв төрлийн амт үнэр оруулагчийг их хэмжээгээр хийдэг, глицерин болон пропиленгликол, никотин зэрэг агуулагддаг учраас уушгины үрэвсэл, чихрийн шижин, зүрх судасны өвчин, үргүйдэл, нойргүйдэл зэрэг тоочиж барамгүй олон өвчин эмгэгт хүргэх аюултайг АНУ-ын эрдэмтэн судлаачид олж тогтоожээ. Цаашид хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байх юм бол илүү олон төрлийн өвчний шалтгаан болно гэдгийг тэд мөн анхааруулж байна