Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр энэ онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин Тариаланчдын үндэсний холбооноос энэ хаврын тариалалт эхлэх хугацаа болсон ч санхүүгийн хүндэрлээс үүдэн тариалалт хийх боломжгүй байгаа талаар мэдээлж байна. Иймд бодлогын хэмжээнд яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жил хүнсний хомстол бий болох магадлалтай гэдгийг тариаланчид хэлж байна.
- Манай улс 2021 онд нийтдээ 164 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор авсан байна. Харин 2021 оны намар нь дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний улаанбуудай хураан авчээ
- Тэгвэл 2021 онд Хөдөө аж ахуйг дэмжих сан 13 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн байна.
- Салбарын яамнаас энэ онд хүнсний ногоонд 50 тэрбум төгрөгний хөнгөлөлт олгох бөгөөд
- 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох талаар салбарын яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн хоёр жил хэдийгээр цаг үе хүнд бэрхшээлтэй байсан ч хаврын тариалалтыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлж, ургац алдалгүй, технологийн дагуу үр дүнтэй зохион байгуулсан. Гэхдээ энэ хаврын тариалалт хоцорч, хүндрэл гарах эрсдэл үүсээд байгааг тариаланчдын зүгээс хэлж байна. Шалтгаан нь ОХУ, Украины хооронд үүссэн хурцадмал байдлын улмаас импортоор татан авах ёстой зарим тоног төхөөрөмж болон түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэлээ. Мөн тариаланчид өмнөх жилийн улаанбуудайгаа борлуулж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, хаврын тариалалтаа эхлүүлж чадахгүй байдалд хүрсэн гэдгээ ч хэллээ.
Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бодит байдал дээр 20-30 хувь нэмэгдсэн. Тариаланчдын зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн нэмэгдэл ирээдүйд үүсэж болзошгүй талаар өмнө нь байр сууриа илэрхийлж байсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүйгээс иймд байдалд хүрсэн гэж байна. ХХААХҮЯ-аас 2022 оны хаврын тариалалтад шаардлагатай үрийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Тариаланчдад шаардлагатай байгаа түүхий эдийн орц 100-150 хувиар нэмэгдсэн гэж байна. Хэрэв энэ байдалд арга хэмжээ авч чадахгүй бол ирэх намар хүнсний хомсдол үүсч нөхцөл байдал илүү хүндэрч болзошгүй байгааг Тариаланчдын үндэсний холбооноос мэдэгдээд байгаа юм. Уг асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.