Цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн амьжиргааны үзүүлэлт буурч, эдийн засгийн оролцоонд сөргөөр нөлөөлжээ

Манай улсын нийт хүн амын 50.9 хувь болох 1.7 сая эмэгтэйчүүдийн амьжиргааг тодорхойлох, аюулгүй байдал, нийгмийн баталгаа хангагдсан эсэх, цар тахал хэрхэн нөлөө үзүүлсэн зэргийг тодорхойлох зорилгоор судалгаа явуулсан байна. Эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг тодорхойлж, үндэсний хэмжээнд хэрэгжих бодлогын зөвлөмж гаргах зорилгоор 21 аймгийн 1110 эмэгтэйн дунд хийсэн судалгааны дүнгээс танилцуулья.

  • Эмэгтэйчүүд өрхийн орлогын 43.4 хувийг бүрдүүлдэг боловч санхүүгийн шийдвэрийг бие даан гаргаж чаддаггүй, орлогын эх үүсвэр цөөн байдаг байна.
  • Тухайлбал, 3 эмэгтэй тутмын 1 нь үндсэн цалингийн орлогын эх үүсвэртэй бол, 4 эмэгтэй тутмын 1 нь гэр бүлийн болон бусдын дэмжлэг, 10 эмэгтэй тутмын 1 нь бизнесийн орлогоос санхүүждэг гэжээ.
  • Гэтэл эмэгтэйчүүдийн 63.2 хувь буюу 3 эмэгтэй тутмын 2 нь сарын тогтмол зардлуудаа төлөхөд хүндрэлтэй тулгардаг байна. Байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнсэнд нийт орлогынхоо 81.5 хувийг зарцуулдаг нь судалгаагаар тогтоогджээ.
  • Түүнчлэн, эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь буюу 3 эмэгтэй тутмын 1 нь тодорхой хэмжээний хуримтлалтай бол 67.2 хувь нь огт хуримтлалгүй гэж судалгаанд оролцсон эмэгтэйчүүд хариулжээ.  

Тэгвэл сүүлийн 2 жилийн цар тахлын нөхцөл байдал эмэгтэйчүүдийн амьдралын чанарт улам их нэрмээс болсныг судалгааны дүн харуулсан байна.

Цар тахал олон эмэгтэйчүүдийн амьдралд нөлөөлсөн байна. Орлогын түвшин бага, ам бүл олон байх тусмаа цар тахлын нөлөөнд ихээр өртсөн гэх судалгааны дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөлөөллөөр эмэгтэйчүүдийн амьжиргааны үзүүлэлтүүд буурч, гэр орны болон хүүхдүүдэд зарцуулах цалин хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цаг нь нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоонд сөргөөр нөлөөлжээ. Судалгаагаар, эмэгтэйчүүдийн 44.9 хувь нь ямар нэг түвшинд сөргөөр нөлөөлсөн бол 41 хувь нь хэвэндээ гэж хариулжээ.

Эмэгтэйчүүд хувийн амьдрал болон ажилдаа зэрэгцүүлэн тэнцвэртэй хандах чадвартай байна. Тэр тусмаа 48.5 хувь нь ихэнхдээ илүү цагаар ажилладаг гэжээ. Судалгааг Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байна.

Цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад 25 хувиар буурсан байна.