Маргааш мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч энэ баярын өдөр цөөнгүй эмэгтэйн хувьд баярлах биш, гутрах, нийгэмд эзлэх байр суурьгүйгээ, хайрлаж хамгаалах хүнгүйгээ мэдэрч, архиар сэтгэлээ засдаг өдөр болдог нь нууц биш. Өнөөдөр манай улсад таван хүний нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгааг наркологийн эмнэлгээс хийсэн судалгаа харуулж байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн дунд архидалт хоёр дахин нэмэгдсэн нь гэр бүлийн таагүй байдал, хамтран ажиллагсдын нөлөөлөлтэй шууд холбоотой гэж мэргэжлийн эмч онцолж байна.
- Өмнө нь наркологийн эмнэлэгт архины хамаарлаас эмчлүүлэгчдийн ердөө таван хувь нь эмэгтэйчүүд байсан бол энэ үзүүлэлт одоо хоёр дахин нэмэгдэж, 10 хувь болжээ.
- Архины хамааралтай болсон эмэгтэйчүүдийг насаар нь авч үзвэл 25-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн хувьд бие дааж, ид амьдрал зохиох нас юм.
- Судалгаанаас үзэхэд жирэмсэн үедээ архи уудаг байсан 386 эмэгтэйн 272 нь үр зулбасан, амьгүй хүүхэд төрүүлсэн, эсвэл амьд төрсөн хүүхэд нь эхний 7 хоногтоо эндсэн гэсэн тоо баримт байна.
- ДЭМБ-аас боловсруулсан архи, тамхины хамаарлын эрт илрүүлгийн шинжилгээг наркологийн эмнэлгээс 11 их, дээд сургуулийн оюутнуудад хийжээ. Ингэхэд нийт судалгаанд оролцогч оюутны 20 хувь буюу таван оюутан тутмын нэг нь архины хамааралтай, 40 хувь нь тамхины хамааралтай болох нь судалгаагаар тогтоогджээ.
Бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Толгойтын Арван буудалд байрлах Наркологийн эмнэлэгт очлоо. Энд архины хамааралтай хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Тус эмнэлэгт жилд 2000-2500 хүн хэвтэж эмчлүүлдэг. Түүний нэг нь архинд донтсон эмэгтэй. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд тус эмнэлэгт архины хамаарлаас үүдэн давтан эмчилгээ хийлгэж байгаа гэлээ. Гэр бүлийн таагүй байдал, найз нөхдөөсөө шалтгаалан байнгын архины хэрэглээтэй болсон гэдгээ ярилаа.
Архины дон бол эдгэрдэг өвчин. Архинд донтох таван үе шатнаас эхний гурван үе шатанд дон амархан эмчлэгддэг бол сүүлийн хоёр шатанд цогц эмчилгээг шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Спирт хэрэглэсний маргааш бие махбод, сэтгэл санаа ямар ч зовуургүй сэрж байвал зохистой хэрэглэжээ гэж бодох хэрэгтэй. Хүний элэг цагт 10 гр спиртийн хоргүйжүүлэх чадвартай. Хэтрүүлж хэрэглэсэн спирт биеэс ялгарах хугацаа нь 14 хоног байдаг. Тиймээс уусны маргааш шартсан, хордлогод орсон, сэтгэл санаа таагүй сэрсэн тохиолдолд 14 хоног дахин спирт хэрэглэхгүй байх нь зүйтэй гэдгийг эмч зөвлөж байна.
Архинд донтох эмгэг нь чимээгүй үргэлжилсээр байгаад хүндэрдэг. Тиймээс эргэн тойронд чинь ийм хүн байвал нэн даруй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Архинд донтох өвчин үүсэх гурван хүчин зүйл бий. Биологийн, Сэтгэл зүйн, Нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Одоо бол нийгмийн хүчин зүйлээс үүдэн архины хамааралтай хүмүүс нэмэгджээ. Монголчууд “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж хүрт” гэж хэлж, хоногшуулж ирсэн байдаг. Энэ үгэнд “УУ” гэдэг үг огт байдаггүй.