Хятад улс ОХУ болон Украиныг хэлэлцээ хийж асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриаллаа

БНХАУ-ын Төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн даваа гарагт улсынхаа гадаад бодлогын талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулжээ. Тэрбээр бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 5-р чуулганы хүрээнд цахимаар хэвлэлийн бага хурал хийж, гадны болон дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн байна. 

Украины хямралыг шийдвэрлэхийн тулд тайван бөгөөд нухацтай хандаж, уг асуудлыг тайван замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг Ван И холбогдох талуудад уриалжээ. Орос болон Украины энхийн хэлэлцээг ахиулахад Хятад улс ажил хэрэгчээр хандах болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Мөн “Хятад улс энх тайвны төлөөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд ажил хэрэгчээр хандаж, зуучлал шаардлагатай үед олон улсын хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Тэгвэл Хятад-Оросын харилцаа нь нэг нэгнийхээ асуудалд үл оролцох, үл сөргөлдөх, мөн гуравдагч талыг онилохгүй байх зарчим дээр тогтдог бөгөөд өөрөөр хэлбэл маргаанаас ангид гэсэн үг хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна. БНХАУ болон ОХУ нь стратегийн хамтын ажиллагаагаа хэвээр хадгалж, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж Ван И мэдэгдээд байна.

Үүнээс гадна Хятад-АНУ-ын харилцааг зөв замд оруулах хэрэгтэй талаар дурдсан байна. Их гүрнүүд өрсөлдөж сөргөлдөх нь зөв сонголт биш, АНУ яриа хэлэлцээг цаашид ажил хэрэг болгох хэрэгтэй. “Даяаршсан, харилцан хамааралтай болсон энэ дэлхий ертөнцөд БНХАУ болон АНУ хэрхэн зөв зам олж, эв найрамдалтай байх вэ гэдэг нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй нэгэн шинэ асуудал бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хоёр тал хамтран боловсруулах ёстой” хэмээсэн байна.