Израилын ерөнхий сайд Нафтали Беннет ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Москва хотод уулзлаа

Орос-Украины хооронд үүсээд байгаа дайны аюулыг зогсоох асуудалд Израил улс идэвхтэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэж эхэллээ гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Израилын ерөнхий сайд Нафтали Беннет уг асуудлаар Москва, Берлин хотуудад айлчилсан юм.

Өнгөрсөн даваа гарагт засгийн газрын хуралдааныг нээхдээ Беннет Москва, Берлинд хийсэн айлчлалаас дөнгөж саяхан ирсэн талаар дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн хүсэлтээр Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван цаг ярилцсан байна. Дараа нь тэрбээр Москвагаас Германы нийслэл Берлинд очиж Канцлер Олаф Шольцтой уулзсан байна. Ням гарагийн орой Беннет хоёр удаа Зеленскийтэй утсаар ярьж, даваа гарагийн өглөө дахин нэг удаа ярьжээ. Үргэлжлүүлэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярьсан байна. Израилын ерөнхий сайд Орос-Украины хооронд үүсээд байгаа дайны аюулыг зогсоох асуудалд хүчин чармайлт тавьж байгаа нь энэ бүхнээс харагдаж байгааг шинжээчид хэлж байгаа юм.

Израил бол АНУ-ын томоохон холбоотноос гадна ОХУ-тай батлан хамгаалах салбарт өргөн харилцаатай байдаг улс юм. Тодруулбал, Израил, ОХУ-ын талууд Сирийн нутаг дэвсгэрт явуулж байгаа хамтарсан цэргийн ажиллагааныхаа талаар байнга мэдээлэл солилцож, хамтран ажилладаг юм. Өрнөдийн орнууд ОХУ-д эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ зарлаад байгаа бол Израил улс одоогоор үүнд нэгдээгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед Израил улс дотроосоо уг хоригт нэгдэх шахалт улам бүр нэмэгдэж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсээр байна.