Улсын хэмжээнд бүх амаржих газрын төрөх болон төрсний дараах орыг шинэчилжээ

Амаржих газруудын төрөх болон төрсний дараах ор хүндрэлтэй байдаг талаар жирэмсэн эмэгтэйчүүд болон эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл эрүүл мэндийн салбарын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд амаржих газруудын төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ.

Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг бүрэн шинэчилсэн байна. Энэ оны тухайд нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, цахимжуулах, мөн эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэх томоохон ажлууд багтжээ.

ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр Монголд өмнө нь эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг хийдэг болжээ. Мөн энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөсөн байна.