“Ковид-19”-ийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүсийн тархины бүтцэд өөрчлөлт орж байна гэв

Их Британийн эрдэмтэд “Ковид-19”-ийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүсийн тархины хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр агшсан байгааг судалгаагаар олж тогтоожээ. Мөн вирусний халдварын хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд ийм шинж тэмдэг ажиглагдсан байна.  

Оксфордын их сургуулийн профессор Гвенэйл Дуадын ахалсан баг коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 40 хүний тархины MRI зургийг эдгэрснээс нь хойш дунджаар 5 сарын дараа авч, халдвар авахаас өмнөх зурагтай нь харьцуулжээ. Судалгаанд оролцогчдын 96 хувь нь хөнгөн хэлбэрээр халдвар аваад эдгэрсэн юм байна. Ингэхэд тэдний тархины хэмжээ 1-2 хувиар агшсан байжээ. Тодруулбал үнэрлэх мэдрэмж, ой тогтоолтыг удирддаг тархины хэсгүүдийн саарал эд багассан байна. Үр дүнд нь эдгэрээд удаагүй байгаа хүмүүсийн ой тогтоолт, хүнд хэцүү бодлого бодох чадвар нь бага зэрэг муудсан байжээ. Гэхдээ энэ өөрчлөлт хугацааны явцад засарч, тархи буцаад хэвийн хэмжээндээ хүрэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Үүнээс гадна судалгааг вирусний халдварын эхэн үеийн хувилбаруудын өвчлөл давамгайлж байх үед хийсэн учраас сүүлийн үеийн омикрон зэрэг хувилбарын нөлөө ямар байхыг тогтоож чадаагүй гэнэ. Бас тархины хэмжээ тодорхой хэмжээгээр багассан нь өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөх хүчин зүйл биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тус судалгааны тайланг Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.