Хөгжлийн банканд 2016 онд хийсэн шалгалтын дүнг төрийн нууцаас гаргаж, нийтэд ил болгоно

Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2015, 2016 онд УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгаж байсан. Мөн хуулиараа Төв банкны хяналт, шалгалтаас гадна Үндэсний аудитын газар гүйцэтгэлийн аудит хийдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтууд үр дүнгүй байсан уу? Ямартаа ч 2021 оноос л Хөгжлийн банк асуудалтай байсан нь яригдаж, 2022 он гарсаар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг ил болгосон. Гэтэл Хөгжлийн банкнаас мэдэгдсэнээр, тус банканд өмнө нь хийсэн хяналт шалгалтын материал ирдэггүй, шалгалтын дагуу ямар ажлыг засаж сайжруулах талаар зөвлөмж ч ирээгүй гэх мэдээллийг өгч байсан удаатай. Ямартаа ч төр нууцдаа хамааруулж, Хөгжлийн банкандаа ч очоогүй шалгалтын тайланг нууцаас гаргахаар болжээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндий рүү нүүлгэхээр шийдвэрлэжээ. Урьдчилсан мэдээллээр Хөшигийн хөндийд сүүлийн 30 жил байгуулагдаагүй 150 мянган хүн амтай хот байгуулна. Хотыг түшиглэн төрийн захиргааны зарим байгууллагыг нүүлгэхийн тулд одоогоор инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж дууссан байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төслийн зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг “Монголиан Транс Лайн” ХХК болон “Монголиан Транс Ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг төрийн худалдан авах ажиллагааны газарт олгосон байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1404 км болгож, өмнөх замаас 306 км-ээр дөт болгоно. Цаашлаад төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулах үр өгөөжтэй юм байна.