- Манай улс хүнсний ногоо тэр дундаа нарийн ногооны хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг БНХАУ-аас импортоор татаж авдаг. Тэгвэл сүүлийн үед нарийн ногооны үнэ 2-3 дахин нэмэгдэж зарим нарийн ногооны үнэ нэг килограмм махны үнэтэй тэнцээд байгаа юм. Тухайлбал нэг килограмм улаан лооль 16 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь нэг килограмм үхрийн махны үнэтэй дүйцэж байгаа юм.
- Ийнхүү нарийн ногооны үнэ нэмэгдэхэд Эрээн боомтоос татан авч буй тээврийн зардал нөлөөлжээ. Тодруулбал хүнсний бараа импортлогчид 2021 оны 11-р сараас өмнө 15-18 тонн багтаамжтай нэг чингэлэг хүнсний ногооны тээврийн зардалд 2.5 сая төгрөг төлдөг байсан.
- Тэгвэл Эрээн болон Замын-Үүд боомт хооронд авто замын тээвэр зогсож хүнсний ногоог чингэлэгт тээврээр тээвэрлэж эхэлснээс хойш нэг чингэлэг хүнсний ногооны тээврийн зардал 14 сая төгрөгт хүрээд байна.
Түүнчлэн манай улс нарийн ногооны хомсдолд орохгүйн тулд ОХУ-аас өндөр өртөгтэй нарийн ногоо импортолж байгаа нь нарийн ногооны үнэ өсөхөд түлхүү мөн адил нөлөөлж байна. Хэрэв тээврийн зардал хэвийн болохгүй бол хүнсний ногооны үнэ цаашид энэ эрчээр өсөхөөр байна.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр хил гаалийн асуудал доголдож эхэлсэн хугацаа буюу 2021.10.01-2022.03.08 хүртэлх хугацаанд 10.0 мянган тонн, 3.8 сая ам.долларын нарийн ногоо импортлогдсон бөгөөд өмнөх оны мөн үеэс биет хэмжээгээр 15.1 мянган тонноор буюу 60.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Жишээ татвал иргэдийн түлхүү хэрэглэдэг чинжүү, цэцэгт байцаа, навчит байцаа, хятад байцаа, бууцай, юуцай, брокколи зэрэг нарийн ногооны импорт өмнөх оны мөн үеэс биет хэмжээгээрээ 57-91.7 хувиар буурсан бол улаан лооль, өргөст хэмхний импорт өмнөх оны мөн үеэс 7-10 дахин өссөн гэж мэдээллээ.
Ийнхүү 2021 оны 11-р сараас эхлэн Эрээн хилийн боомтоор хийгдэх авто замын тээвэр зогссон учир манай улс өнгөрсөн 12 болон 1 сард нарийн ногоог урд хөршөөс төмөр замаар татан авч байсан. Гэсэн хэдий ч 2-р сард БНХАУ-ын талаас төмөр замын тээвэрлэлтийг мөн адил зогсоосон. Үүний улмаас хүнс импортлогчид ОХУ-аас өндөр өртгөөр нарийн ногоог импортоор татан авч зах зээлд нийлүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний тээврийн зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд дарамт болж байна. Тиймээс цаашдаа үйлдвэрлэгч улс болох, дотооддоо нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлого баримтална гэдгийг салбар яамнаас мэдээллээ.
Импортын бараа бүтээгдэхүүний тээврийн зардал бидний амьдралд хүчтэй нөлөөлж буйн нэг жишээг нарийн ногооны үнийн өсөлтөөс харж болохоор байна. Тиймээс цаашдаа импортын барааны тээврийн зардлыг бууруулахад ГХЯ, ЗТХЯ түлхүү анхаарах хэрэгтэй байгааг хүнс импортлогчид хэлж байсан юм.