ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины дайнд шинэ, хугацаат цэргүүдийг илгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө

Украинд явуулж буй тусгай ажиллагаанд хугацаат цэргийн алба хаагчдыг илгээснээ ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас анх удаа хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь цэргийн ажиллагаанд зөвхөн гэрээт цэргийн алба хаагчдыг оролцуулж байгаа хэмээн мэдэгдээд байсан юм.

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Харамсалтай нь Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хугацаат цэргийн алба хаагчид байгаа тухай хэд хэдэн баримтыг бид илрүүлсэн” хэмээн мэдэгджээ.

Украины талд олзлогдсон Оросын цэргүүдийн дотор 16-18 насны залуус байгаа нь цахим сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдээс тодорхой болоод байсан юм. Түүнчлэн хүүхдээ цэрэгт явуулсан Оросын олон эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг яагаад Украинд илгээснийг мөрдөн шалгаж, буруутныг олж шийтгэх тушаалыг Владимир Путин тус улсын Цэргийн прокурорын газарт өгсөн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдөр мэдэгдсэн байна.