Өчигдөр буюу лхагва гарагт Украины Мариуполь хотын хүүхдийн болон төрөх эмнэлэг агаарын цохилтод өртсөн талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Үүний улмаас эмч, эмнэлгийн ажилтан нийлсэн 20 гаруй хүн шархадсан бол таван жирэмсэн эмэгтэй нурангид дарагдан нас барсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг “Дайны гэмт хэрэг” хэмээн нэрлэжээ. Талууд галаа зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үед эмнэлэг агаарын цохилтод өртсөн ажээ. Азовын Тэнгисийн боомт хот Мариуполь сүүлийн хэдэн өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байгаа бөгөөд хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх оролдлогууд гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөний улмаас удаа дараа бүтэлгүйтсээр байна. Өнөөдрийн байдлаар “Хот бүхэлдээ цахилгаангүй, усгүй, хүнсгүй болоод байгаагаас олон энгийн номхон иргэд амиа алдаж байна” гэж Украины Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Мариуполь хотын дэд дарга Сергей Орловын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд зөвхөн Оросын агаарын цохилтод өртөж 1170 хүн амиа алджээ.