БНХАУ-ын Эрээн хотод 2021 оны 10-р сарын 13-нд цар тахал бүртгэгдэж, 14-өөс Хятад улс Монгол улстай хиллэдэг авто замын боомтуудаа хаасан. Улмаар БНХАУ-аас Монгол улс руу импортолдог өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг ачаа тээврийг тээвэрлэдэг тээврийн салбарынхны үйл ажиллагаа бүрэн зогссон. Харин БНХАУ-аас цаашид Монгол улстай чингэлэг тээврээр ачаа солилцох шаардлага тавьсны дагуу хилийн тэг цэгт чингэлэг солилцож байна. Үүний үр дагаварт Замын-Үүдээс ачаа тээвэрлэдэг 7000 гаруй жолооч ажилгүй болжээ.
Чингэлэгт тээврийг нэвтрүүлснээр ачаа тээврийн үнэ өмнөх үнэтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгджээ. 1 метр куб ачаа тээвэрлэх үнэ 800,000 төгрөг болсон байна.
Ачаа тээврийн 7000 гаруй жолооч нар буюу тээвэрлэгчдийн нэгдсэн 7 холбооны төлөөлөл Монгол улсын засгийн газарт хандлаа. Тэдний зүгээс “Замын-Үүд боомтоор нэвтрэх, ачаа тээврийг зохицуулах түр журам”-аа хүчингүй болгохыг шаардлаа.
Шаардлагад мөн улс хоорондын тээврийг хуучин горимд нь шилжүүлэх, өнгөрсөн хугацаанд сул зогссон нөхөн олговор олгох, өнгөрсөн хугацаанд сул зогссон хохирлыг тооцоолж, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх зэрэг 5 асуудал тусгагдсан байна.