ОХУ-ын эрх баригчид Украины биологийн зэвсгийн хөтөлбөрийн талаар дэлхий нийт үнэнийг мэдэх ёстой гэв

Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ыг эрх баригчид тахал, боом зэрэг аюулт халдварт өвчин үүсгэх чадвартай биологийн зэвсгийн бүрэлдэхүүн хэсгийг Украин улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж байгааг нотолсон баримт бичгийг хүлээн авснаа зарласан. Цэргийн тусгай ажиллагааны явцад “АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилтээр Украинд биологийн зэвсэг үйлдвэрлэсэн талаарх баримт бичгийг лабораторийн ажилтнууд устгаж байгааг мөн олж тогтоосон” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Кремлийн эрх баригчид “Украин дахь АНУ-ын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг лабораториудад биологийн зэвсгийг ямар зориулалтаар үйлдвэрлэж байсан, одоо юу болж байгаа, цаашид юу болох талаар мэдэхийг дэлхий нийт хүсэж байна” гэжээ. Мөн уг чиглэлд ямар шалтгаанаар хөрөнгө оруулалт хийсэн талаар тайлбар өгөхийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ-аас шаардсан байна. Мөн “Украины эрүүл мэндийн яам өнгөрсөн 2-р сарын 24-ний өдөр тахал, холер, боом болон бусад эмгэг төрүүлэгчдийн дээжийг устгах тушаал гаргасан талаар нотлох баримт байгаа” гэдгийг Захарова цохон тэмдэглэжээ. 

Тэгвэл АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч үүний хариуд “Инээдтэй юм, Москва биологийн болон химийн зэвсэг ашиглах шалтгаан хайж байна. Владимир Путин өөрийг нь шүүмжилсэн, эсрэг байр суурь илэрхийлсэн, шударга үнэний төлөө үгээ хэлсэн хэн бүхнийг хордуулж, хөнөөх ородлого хийдэг, хийсээр ч байх болно” хэмээн мэдэгджээ.