Эрэгтэйчүүдийн нас баралтын зонхилох шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр 2018 онд 3456 хүн нас баржээ

Эрэгтэйчүүдийн нас баралтын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин байсан хэвээр байна. Тодруулбал, 1990 онд 1206 эрэгтэй хүн зүрх судасны өвчлөлөөр нас барсан бол энэ тоо 2000 онд 2506, 2015 онд 3127, 2018 онд 3456 хүн энэ шалтгаанаар нас баржээ. Эрэгтэйчүүдийн нас ахих тусам зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвчлөх нь нэмэгддэг. Жишээ нь 35-39 насанд нас баралтын 2 хувь нь, 45-49 насанд 9 хувь нь, 55-59 насанд 13 хувь зүрх судасны тогтолцооны өвчнөөр нас барсан. Гэтэл судасны гэмтлийн хамгийн эрт илэрдэг шинж тэмдэг нь эрчүүдийн хөвчрөх үйл ажиллагааны алдагдал байдаг. Үүнийг “бүсэлхийнээс дооших шигдээс” гэж нэрлэдэг ч эрэгтэйчүүд төдийлөн анзаардаггүй.

Эрчүүдийн дунд нийтлэг тохиолдож байгаа зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан нь эрэгтэйчүүдийн жингийн илүүдэл болон архи, тамхины хэрэглээ юм байна.

Хөвчрөх үйл ажиллагааны алдагдал нь зүрхний шигдээснээс 4-7 жилийн өмнө тохиолддог. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүнд зүрх судасны тогтолцооны өвчлөл тохиолдох гэж байгааг сануулж байгаа дохио юм байна. Тиймээс эрэгтэйчүүд эрт үед ийнхүү илэрдэг дохиог сайтар ажиглаж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг мэргэжлийн эмч зөвлөлөө.