Өчигдрөөс эхлэн АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Цар тахлын үед шатахууны үнийг тогтвортой барих үүднээс засгийн газраас тодорхой хугацаанд импортлогчидтой хамтран ажилласан. Харин 2021 оны 11-р сарын 22-нд шатахууны үнийн зөвлөлөөс дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэтэй уялдуулан шатахууны үнийг өөрчлөх шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу шатахууны үнэ дөрвөн сар дараалан нийтдээ 340 төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрөгч лхагва гарагт дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ 10 гаруй хувиар буурсан ч манай улсад эсрэгээр үнэ нь нэмэгдээд байгаад иргэд таагүй хандаж байгаа. Гэвч дэлхийн зах зээлийн үнэ дотоод дахь шатахууны үнэд нөлөөлөхгүй гэж импортлогчид хэлж байна.
Тухайн үед АИ-92 шатахууны литр тутам нь 2,050 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Үүнээс хойш дөрвөн сар дараалан нийтдээ 340 төгрөгөөр нэмэгдсэн юм. Үүнийг гурван хүчин зүйлтэй, тухайлбал, цар тахал, газрын тосны олборлолт, мөн ОХУ, Украины мөргөлдөөн үнийн өсөлттэй холбон үзэж байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өнгөрсөн лхагва гарагт буурсан ч гэлээ энэ нь манай улс дагаад шатахууны үнээ буулгана гэсэн ойлголт биш гэдгийг Монголын нефть, хийн үндэсний ассоциацаас хэлж байна
Импортоор худалдан авах шатахуунд ямар нэгэн хүндрэл учрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг импортлогчдын зүгээс мэдэгдээд байна.