АНУ-ын инфляц 7.9 хувьд хүрч, сүүлийн 40 жилд байгаагүйгээр өсчээ

АНУ-ын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн 2-р сард 7.9 хувьд хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлээд байсан юм. Тэгвэл тус улсын тэргүүлэх эдийн засагчид болон шинжээчид 1982 оноос хойш 40 жилийн дараа инфляцийн түвшин ийнхүү дээд үзүүлэлтэд хүрч өссөн талаар тайлбарлажээ. 

АНУ-ын инфляцийн өсөлтөд түлш эрчим хүч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, орон сууц, түрээсийн үйл ажиллагаатай холбоотой бараа үйлчилгээний үнэ голчлон нөлөөлжээ. Мөн ажилгүйдлийн түвшин буурсан ч шинээр ажлаа сольж байгаа иргэдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь ажиллах хүчний тогтвортой байдал, өрхийн орлогод нөлөөлсөн байна. Түүнчлэн цар тахлын он жилүүдэд буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Засгийн газраас иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх болон хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор 2 удаагийн мөнгөн тэтгэмжийг нийт иргэддээ олгож мөнгөний ханшийг сулруулсан зэрэг нь инфляцийн өсөлтийн суурь шалтгаан болсон гэж үзэж байна. 

Тэгвэл АНУ-ын Төв банк буюу холбооны нөөцийн сан лхагва гарагт мөнгөний бодлоготой холбоотой шийдвэрээ танилцуулах бөгөөд шинжээчдийн таамаглаж байгаагаар бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх буюу чангаруулах, улмаар Орос-Украины нөхцөл байдал одоо байгаагаас илүү дордсон тохиолдолд улам чангаруулахад бэлэн байгаа юм байна. Уг таамагтай холбоотой шийдвэрийг гаргах боломжтой талаар цагаан ордны тэргүүн Жо Байден өнөөдөр “Цар тахал, дайн, инфляц” сэдвийн хүрээнд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

Харин шинжээчдийн зүгээс хууль тогтоогчид бодлогын хүүгээ чангалсны дараа эдийн засгийн нөхцөл байдал газрын тосноос хамааралгүйгээр тогтворжих төлөвтэй байгаа талаар мэдэгдсэн байна. Учир нь сүүлийн 2 жилийн хугацаанд нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрны тоо хангалттай хэмжээнд байгаа, мөн Доналд Трамп болон одоогийн ерөнхийлөгч Жо Байден нарын худалдаж авсан төрийн сангийн бондууд, чанартай зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдаж авсан зэрэг нь АНУ-ын эдийн засгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Гэвч Орос-Украины хооронд үүсээд байгаа хурцадмал байдал нь эдийн засгийн огцом өсөлтийг хязгаарлах төдийгүй цаашид байдал яаж эргэхээс хамаарч эерэг болон сөрөг нөлөөллийг бүхий л салбарт үзүүлнэ гэжээ. Мөн шинжээчид АНУ-ын ДНБ-ий өсөлтийг ирэх 2 жилд 2.3-2.5 хувьтай байна гэж таамаглаж байна. 

Тэгвэл Европын төв банк Украинд болж байгаа дайнаас үүдэж эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ хурдацтай өсөж байгаатай холбогдуулан Еврогийн бүсийн инфляцын талаарх таамаглалаа эрс өсгөсөн байна. Энэ онд инфляцын дундаж түвшин 5 хувьтай байна гэж Европын төв банк гуравдугаар сарын 10-ны пүрэв гарагт мэдээлсэн байна.  Өнгөрсөн 12-р сард Европын төв банк 2022 онд еврогийн бүсийн инфляцыг 3.2 хувьтай байна гэж таамаглаж байжээ.

“Орос, Украины дайн болон үүнээс үүдэлтэй эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт болон олон улсын худалдааны саатал нь эдийн засгийн идэвхжил, инфляцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Уг сөрөг нөлөөллийн цар хүрээ мөргөлдөөн цаашид хэрхэн, хаашаа эргэхээс шалтгаална” гэж Европын төв банкны дарга Кристин Лагард мэдэгдсэн байна.

Европын төв банкны шинжээчид энэ онд Еврогийн бүсийн ДНБ-ий өсөлтийг ердөө 3.7 хувьтай байна гэж таамаглаж байгаа юм. ДНБ энэ онд 4.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж тус банк өнгөрсөн 12-р сард мэдээлж байжээ.