Гватемал улсын ерөнхийлөгч Алехандро Жамматтей өнгөрсөн баасан гарагт “Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийг 25 жил хүртэл хорих болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглох” хуулийн төсөлд хориг тавьж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр уг хуулийн төслийг үндсэн хууль зөрчсөн, олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн гэж үзжээ.
2018 онд тус улсын “Консерватив Вива” нам уг хуулийн төслийг санаачилж байсан ч одоогийн ерөнхийлөгчийн намын гишүүд түдгэлзүүлж байжээ. Гэвч энэ сарын 10-ны өдөр парламентынх нь өөр өөр намуудын гишүүд, холбоотнууд олонхын саналаар уг хуулийн төслийг баталсан байна. Харин ерөнхийлөгчийн засаг захиргаа энэ хуулийн төслийг дэмжээгүй бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчиж гарын үсэг зурж баталгаажуулах нь олон улсад нэр хүндээ алдах эхлэлийг тавина гэж үзжээ. Хэрэв уг хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн бол үр хөндөлттэй холбоотой ял шийтгэл 10-25 жил хүртэл нэмэгдэж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглох нь байгалиас хүйсийн баримжааг хүчээр олгох болон төрөлхийн бэлгийн чиг хандлагыг өөрчлөх зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болох байсан гэж Жамматтей цохон тэмдэглэжээ. Уг хуулийн төслийг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, сүүлийн өдрүүдэд гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүрсэн байна.