Ачаа бараагаа гаальд худал мэдүүлбэл төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, үнийн дүнгийн 50 хувиар торгууль төлнө

Хилээр ачаа бараа нэвтрүүлэхэд үнэн зөвөөр мэдүүлж, түүнд нь тохирсон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед Монгол улсын агаарын боомтын үйл ажиллагаа нээгдсэнтэй холбогдуулан иргэдийн ачаа тээвэр хилээр нэвтрүүлэлт эргэн сэргэж, үүнтэй зэрэгцэн Гаалийн тухай хууль зөрчсөн үйлдэл ихээхэн бүртгэгджээ. Зөвхөн 2022 он гарсаар 2-р сарын байдлаар бараа бүтээгдэхүүний үнэ, код худал мэдүүлсэн, зарим бараагаа огт мэдүүлээгүй зэрэг 192 зөрчил бүртгэгдсэн. Мөн Олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хувцас гэж мэдүүлж, алт үнэт металл хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдол байна.

Энэ сарын 7-ны өдөр л гэхэд Турк улсаас Монгол улс руу иргэн Ю нь 19.9 тонн буюу 472 ширхэг ачааг нэвтрүүлэхдээ ачаагаа гаальд худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлсэн байна. Одоогоор 350 ачааг шалгахад ачаагаа 4-5 дахин буюу 13500 барааг дутуу мэдээлсэн. Үлдсэн 120 гаруй ачааг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

2021 оны 8-р сараас хойш Гаалийн байгууллага 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 4-5 удаагийн үйлдлийг илрүүлжээ. Мөн Монгол улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдох ажиллагаа хийгдэж байгаа юм байна.