50 ортой хүүхдийн эмнэлэгт улсын төсвөөс 5.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгөөр баригдсан 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноос хойш зургаахан сарын дараа усанд автсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компанийн засварын 4 бригад тус эмнэлэг дээр засвар хийж байгаа юм байна.

Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасаг 39 ортой. Жилд дунджаар 1700-2300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд хэвтэн эмчлүүлэх хүүхдийн орны хэрэгцээ нэмэгдэж, орчин үеийн чанар стандартад нийцсэн шинэ эмнэлэг барих шаардлагатай хэмээн үзэж улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг тухайн аймагт барьж байгуулсан хэдий ч барилгын чанар  гүйцэтгэл нь стандарт шаардлага хангахгүй байна гэх хэл үгийг дагуулаад байгаа.

Эмнэлгийн барилгыг “Мото Блок” компани гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар тухайн эмнэлгийн барилгыг хүлээн авчээ.

“Мото Блок” компанийн барьсан эмнэлгийн дээврээс ус нэвтрэх, үерийн усанд шалны паркет мод хууларч хөвөх, зарим давхрын хаалга зааг гаран гажих зэрэг алдаа дутагдлууд гарсан учир гэрээнд заагдсан ёсоор тухайн компани засвар үйлчилгээг хийж байгаа юм байна

Эмнэлгийн барилгад цар тахлын үед 210 ор дэлгэж 2500 орчим иргэдэд ковидын эмчилгээ хийж, тусгаарлан эмчлэх улаан бүс болгон ашигласан учир засварын ажлыг хойшлуулсан гэлээ. Засвар үйлчилгээг хэсэгчилсэн байдлаар явуулж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт царцаагдах, барилга чанаргүй баригдсаар байгаагийн тод жишээ нь энэ юм. Энэ мэт байдлыг дахин давтуулахгүй байхад аймаг орон нутгийн удирдлага, Улсын комисс хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.