ОХУ-ын эрх баричид Хятадаас зэр зэвсгийн тусламж хүссэн тухай мэдээг өнгөрсөн ням гарагт барууны хэвлэлүүд АНУ-ын албаны эх сурвалжаас эш татан мэдээлээд байсан юм. Харин уг мэдээллийг Москва болон Бээжингийн албаны эх сурвалжууд няцаажээ.
Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадаас зэвсгийн тусламж хүссэн талаарх мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэрбээр “ОХУ тусгай ажиллагааг бие даан хэрэгжүүлэх чадвартай. Өмнө нь хэлж байсанчлан цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжиж байгаа” хэмээн мэдэгджээ.
Мөн өчигдөр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян “Украины асуудлаар Хятадын байр суурь ил тод, нягт хэвээр байна. Мөн Хятад улс энхийн яриа хэлэлцээг дэмжихэд бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа. Бүх талууд хүлээцтэй байж, хурцадмал байдлыг намжаах, байдлыг улам дордуулахгүй байх нь чухал юм” гэжээ.
Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Хятадын топ дипломатч Ян Жечитэй Ром хотод долоон цагийн турш уулзсан юм. Уулзалтын үеэр Салливан хэрвээ Кремлийн эхлүүлсэн дайнд Бээжингийн эрх баригчид дэмжлэг үзүүлбэл хатуу хариу арга хэмжээ авахыг Хятадын талд анхааруулсан байна.
“Хятад улс Оростой эвсэж байгаа нь бидний санааг зовоож байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх санаа зовоосон асуудлуудын талаар болон тодорхой үйлдэл гаргасан тохиолдолд ямар үр дагаварт хүрч болох талаар шууд анхаарууллаа” гэж уулзалтад оролцсон Вашингтоны албаны эх сурвалж сүүлд мэдээлжээ.