ОХУ-ын хоригт манай улс багтаагүй ч бараа бүтээгдэхүүний хомстол үүсэх эрсдэл өндөр байгааг судлаачид хэлж байна. Өнөөдрийн байдлаар худалдааны төвүүдэд ОХУ-аас орж ирдэг будаа, ургамлын тосны үнэ тогтвортой байгаа хэдий ч нэмэгдэнэ гэдгийг худалдаа эрхлэгчид хэллээ.
Бид өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг тодруулахаар Барс захыг зорилоо. Худалдаа эрхлэгчдийн зүгээс сүүлийн 14 хоногийн хугацаанд будаа, ургамлын тосны үнэ тогтвортой байгаа хэдий ч цаанаасаа нэг өглөө гэхэд л нэмэгдээд орж ирдэг учраас үнэ хэзээ нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй гэж байна. ОХУ-аас орж ирдэг будааны үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багассан гэдгийг хэллээ.
ОХУ-аас тогтмол импортоор авдаг бараа бүтээгдэхүүнүүд хоригт багтсан. Тухайлбал Хөдөө аж ахуйн машин механизм, Улаанбуудай, Анагаах ухааны тоног төхөөрөмж, автомашин зэрэг бараа бүтээгдэхүүнд байгаа юм. ОХУ-аас импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд тээвэр, логистикийн хүндрэл гол асуудал хэвээр байна.
Хаврын тариалалт эхэлж байгаа энэ нөхцөлд Хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлтийг алдагдуулахгүй байх нь чухал байна. Тариаланчдын зүгээс ОХУ-аас шаардлагатай зарим төхөөрөмжүүдийг худалдаж авах мөнгө нь бэлэн ч хэрхэн тооцоогоо хийх, ямар зохицуулалтаар хил нэвтрүүлэх үү зэрэг хүндрэлүүд аль хэдийнээ үүсчээ.
ОХУ Хөдөө аж ахуйн бордооны гол үйлдвэрлэгч учраас тэдний эсрэг авч буй хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээлд сөрөг үр дагавар авчирах нь тодорхой болсон гэж эдийн засагчид үзэж байна. Манай улсад ч нөлөөтэй, тэр дундаа шатахууны үнэ нэмэгдсэн энэ үед тодорхой төрийн зохицуулалт авахгүй бол байдал хүндэрч магадгүй байгаа юм.
Он гарснаас хойш хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа өссөн байна. Мөн худалдааны салбарын нэгдүгээр сарын борлуулалтын орлогыг өмнөх сартай харьцуулбал 35 хувиар буурчээ.