Нийгмийн даатгалын өртэй ААН-ын ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй авна

Нийгмийн даатгалтай өртэй аж ахуйн нэгжийн алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байна гэсэн иргэний гомдол манай редакцад ирсэн. Энэ дагуу бид холбогдох байгууллагуудаас тодрууллаа. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага байгаа юм байна.

Иргэн С жирэмсний амралтаа авч харьяаллын дагуу эмнэлэгт хандсан байна. Тухайн үед эмнэлгээс танай байгууллага Нийгмийн даатгалд өртэй учраас танд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэж хариулсан байгаа юм. Тэгвэл тухайн аж ахуйн, нэгж байгууллага нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан ч ажилтан 2,3-р шатлалын аль ч эрүүл мэндийн байгууллагад хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой гэдгийг холбогдох байгууллагуудаас хэллээ.  

Нэмэлт мэдээлэл хүргэхэд улсын хэмжээнд Нийгмийн даатгал төлдөг 53 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар 150 орчим тэрбум төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан байна. 120 хоногоос дээш хугацаанд өрөө барагдуулаагүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид албан тоот, цаашлаад хууль шүүхийн хэмжээнд шийдвэрлээд явдаг байна.