Японы дундаж давхаргын иргэдийн цалин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 ам.доллароор нэмэгджээ

Өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай уулзаж ирэх оны цалингийн хэмжээг тогтоох талаар яриа хэлэлцээ өрнүүлжээ. Мөн ашигтай ажиллаж байгаа компаниудад цалингаа нэмэгдүүлэхийг уриалж, дотоодын болон гадаадын гэрээт ажилчдын цалингийн нэмэгдлийг улирал тутам олгох чиглэлийг өгсөн байна. 

Тэгвэл Токиогийн их сургуулийн шинжээчдийн тайлбарласнаар, тус улсын томоохон компаниуд гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг хэрэгжүүлж эхэлснээр хэвшмэл цалингийн системийн бүтэц бүхэлдээ алдагдсан гэжээ. Мөн хүн амын өсөлт удааширсан, ажиллах хүчний хомсдол зэрэг нь байгууллагуудыг ур чадвартай цөөн ажилтнуудаар ажиллах хүчээ бүрдүүлж, улмаар зарлага гаргах биш орлогоо хуримтлуулах хандлагатай болгосон байна. Өнөөдрийн байдлаар Японы компаниуд 3 их наяд ам.долларын бэлэн мөнгөний нөөц болон хадгаламжийн хэмжээтэй байгаа нь Олон улсын аж ахуйн нэгж, компаниудыг бэлэн мөнгөний нөөцийн хэмжээгээр тэргүүлж байгаа юм байна.

Түүнчлэн ид ажиллах насны залуучууд гэр бүлтэй болсноор зөвхөн ажилдаа зарцуулах хугацаа богиносож, улмаар ажлын бүтээмж нь буурч үүнийг дагаад цалингийн хэмжээ нь хамгийн бага түвшинд хүрээд байгааг Японы шинжээчид тайлбарлаж байна. 

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд ур чадвартай цөөн ажилтанг илүүд үзэж байгаа бол залуучууд гэр бүлтэй болох эсвэл бүхий л цаг заваа ажилдаа зарцуулж цалин хангамжаа нэмэгдүүлэх гэсэн хоёр сонголттой нүүр тулж байгаа юм.

Тус улсын иргэдийн жилийн дундаж цалин 2021 оны байдлаар 40 мянга ам.доллар байгаа нь 1999 оноос бараг  өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм байна. 

Японы засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд инфляцийг 2-4 хувьд барьж ирсэн бөгөөд цалингийн зорилтод хувь үүнтэй ижил түвшинд байж чадсан байна. Гэвч цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний хямрал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж өрхийн орлого нь буураад байгааг Японы иргэд мэдэгджээ.