Манай улсад 1950 оноос эхэлсэн хотжилтын явцад хүн амын өсөлт огцом нэмэгдсэн байдаг. Харин сүүлийн үеийн судалгаагаар хүн амын өсөлт буурчээ. Гол шалтгаан нь төрөлт буурсантай холбоотой гэдгийг судлаачид дүгнэж байна. Аймгуудыг хот болгох бодлого баримталбал хэрэгцээгээ дагаад хүн ам өсөх боломжтой юм байна
Хөгжлийн хүрд болсон хүн амын өсөлт тухайн улсын нийгэм, эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт буурсан судалгааны үр дүн байна. Энэ нь нийгмийн байдал, гэр бүл төлөвлөлт зэргээс шалтгаалжээ. Судалгаагаар Улаанбаатар хотын хүн амын өсөлт 1.5-2.4 саяд хүрэх бол хөдөөгийн хүн ам өсөлтийн хувь 0.7-0.9 болж буурах хандлагатай гэж байна. Энэ нь хотжилт нэмэгдэх тусам хөдөөгийн хүн ам эрс буурч байгаа гэсэн үг.
Зөвхөн нэг амаржих газрын жишээгээр л төрөлт буурч байгаа дүр зураг харагдаж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт жил дунджаар 7 мянган эх амарждаг байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас хамаарч төрөлт буурсан үзүүлэлт гарсан байгаа юм.
Нийгмийн хамгааллын хүрээнд хүн амын өсөлтийг дэмжих үүднээс хүүхдийн мөнгө болон одонтой ээжийн мөнгө олгож байгаа. Засгийн газраас 2050 урт хугацааны бодлого, шинэ сэргэлтийн бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүнд хүн амын өсөлтийг хэрхэн дэмжих талаар тодорхой бодлогууд тусгагдаад явж байгаа гэлээ. Хамгийн гол нь сум, орон нутгийн хотжилтын асуудлыг бодлогоор дэмжиж өгвөл хүн ам зүйн өсөлтөд өөрчлөлт орно гэдгийг судлаачид хэлж байна.
Судалгаагаар алслагдсан сумдуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол 260 орчим сумын хүн ам эрс цөөрөх байна. Жишээлбэл Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгийн сумдын хүн амын тоо 100-500 болох төлөв гарчээ. Сумын хүний тоо мянгаас доош байх нь нийгэм, эдийн засгийн хувьд өгөөжгүй төдийгүй хүн амын өсөлт зогсох, эрүүл мэндэд эрсдэлтэй болохыг эрдэмтэд онцолж байгаа юм. Иймд сумын хүн ам зүйд үүссэн эрсдэл бүхий асуудлыг төрийн бодлогын төвшинд авч үзэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.