ОХУ-ын зэвсэгт хүчин өөрсдийн шинээр зохион бүтээсэн дуунаас хурдан пуужинг өнгөрсөн бямба гарагт Украин руу харвасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Ивано-Франковск” мужид байрлах Делятин тосгонд байрладаг газар доорх зэвсгийн агуулахыг уг шинэ төрлийн дуунаас хурдан пуужингаар устгалаа” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Делятин тосгон нь Украины баруун бүс, Карпатын уулсын дунд, НАТО-ийн гишүүн Румын улсын хилд ойрхон оршдог байна. 2018 онд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаа “Кинжал” хэмээн нэрлэсэн шинэ төрлийн дуунаас хурдан пуужингийн системийг танилцуулж байжээ. Тэрбээр Кинжалыг дайсны хамгаалалтын системийг нэвтлэх чадвартай, дууны хурдаас 10 дахин хурдан, “төгс зэвсэг” хэмээн тодорхойлж байсан байна.
Оросын тал НАТО-гийн гишүүн орнуудаас Украины баруун хилээр буюу Польш улсаас орж ирж байгаа зэвсэг техникийг пуужингийн цохилтоор устгахаа анхааруулаад байгаа юм. Өмнө нь Польшийн хилийн ойролцоох цэргийн томоохон баазад пуужингийн цохилт өгөх үеэр 35 хүний амь үрэгдсэн юм. “Украины газар нутагт зэвсэг тээвэрлэж байгаа ямар ч цуваа цохилтын бай болно гэдгийг бид өмнө нь тодорхой хэлсэн” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн баасан гарагт дотоодын хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Үүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Мариуполь хотын урлагийн сургууль болон театр зэрэг энгийн иргэд хорогдож байсан газруудыг бөмбөгдсөн бөгөөд өрнөдийн орнууд түүнийг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн буруутгаад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Украины төрийн тэргүүнтэй уулзаж дайныг эцэслэх төлөвлөгөөтэй байгаа талаараа Кремлийн эрх баригчдад мэдэгдсэн байна. Тэрбээр одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч энэ талаар албаны эх сурвалжууд шуурхай мэдээлснийг “Daily Mail” агентлаг уламжилжээ. Мөн BBC, CNN болон Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар шуурхай мэдээлж эхлээд байна.