ОХУ-ын зах зээлээс гарсан компаниудын орон зайг хуурамчаар бүтээгдэхүүн хуулбарлан үйлдвэрлэгчид эзлэх болжээ

Украины хямралтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас өрнөдийн томоохон компаниуд оросын зах зээлээс гарч эхлээд байгаа юм. Тэгвэл уг хоосон зах зээлийг хуурамчаар бүтээгдэхүүн хуулбарлан үйлдвэрлэгч Оросын компаниуд эзлэх болжээ. 

Энэ долоо хоногт ОХУ-ын барааны тэмдэгтийн газарт “Ваня Ах” нэртэй түргэн хоолны газар таних тэмдгээ бүртгүүлсэн байна. Уг түргэн хоолны газар нь Mcdonald’s сүлжээний логог хуулбарласан гэж шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэд Mcdonald’s-ийн “M” үсэг хэлбэртэй логог 90 градусын өнцгөөр эргүүлээд кирилл цагаан толгойн “В” үсэг болгожээ.

Үүнээс гадна ижил нэртэй байгууллагууд өрнөдийн брэндүүдийг яльгүй өөрчилсөн “Starducks”, “Makdak” барааны тэмдэгтүүдийг бас бүртгүүлэх хүсэлтээ гаргасан байна.

Энэ сарын эхээр Оросын засгийн газар “найрсаг бус харилцаатай” орнуудын бизнесийн брэнд нэрийг зөвшөөрөлгүй ашиглахыг дотоодын бизнес эрхлэгчдэд зөвшөөрч байгаагаа тодорхой илэрхийлсэн юм.