Цахилгаан, эрчим хүчний дундаж үнийг 2030 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Манай улс эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 20 орчим хувийг импортоос хангадаг ч гадаад зах зээлийн шалтгаантайгаар валютын ханш, эрчим хүчний үнэ тариф нэмэгдсээр ирсэн. Гэтэл хэрэглэгчдэд эрчим хүчний үнийг бодит өртгөөс багаар тооцон олгодог буюу 224 төгрөгийн бодит өртөгтэй 1 квт.ц эрчим хүчийг 175 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэдэг. Гэтэл төр татаасаа өгдөггүй зэрэг шалтгааны улмаас эрчим хүчний салбар алдагдалд хүрчээ. Тодруулбал, 2018 онд 18.8 тэрбум төгрөг, 2019 онд 58.3 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөхийн тулд эрчим хүчний дундаж тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцжээ.

Эрчим хүчний яамнаас мэдэгдсэнээр 2022-2030 онд эрчим хүчний дундаж тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ

  • 2022 онд 1 квт.ц эрчим хүчийг 224 төгрөг болгон нэмэгдүүлэх бол
  • 2023 онд 228 төгрөг,
  • 2024 онд 247 төгрөг,
  • 2027 онд 300 төгрөг,
  • 2030 он гэхэд 347 төгрөг болгох юм байна.