Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2000 гаруй хүн сүрьеэ өвчний оноштойгоор эмчлүүлж байна. Судалгаагаар хүн амын дундах сүрьеэгийн тархалт гурав дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Иймд сүрьеэгээс сэргийлэх, эрт илрүүлэхэд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
2021 онд нийт 2364 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 61.5 хувь нь Улаанбаатар хотод 36.9 хувь нь орон нутагт, 1.6 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сүрьеэтэй тэмцэхэд ДЭМБ, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаагаар орон нутагт эрт илрүүлэг болон иргэдэд мэдээлэл сайн түгээсэн байна. Үүний үр дүнд орон нутагт сүрьеэгийн эрт илрүүлэг хоёр дахин өсжээ.
Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг. Жилд 200 гаруй хүн энэ өвчнөөр нас бардаг. Үүний 10 хувь нь хүүхдүүд. Судалгаагаар жил бүр 1.1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилдөг. Тэдний тал хувь нь 5-аас доош насныхан эзэлж байгаа юм. Манай улс ч өсвөр үеийнхэнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд зорилтот бүлэг, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Үүнд зарцуулах хөрөнгө мөнгийг тусгах ёстой гэж байна.
Сүрьеэгийн эмчилгээний үр дүн 90 хувьтай байна. Эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг. Хамгийн багадаа зургаан сар эмчилнэ. Энэ нь эмд тэсвэртэй сүрьеэ эсэхээс хамаарна. Хэрэв эмд мэдрэг бол зургаан сарын турш өдөр бүр эмээ уухад эдгэрнэ. Хэрэв эмд тэсвэртэй бол зарим тохиолдолд гурван жил хүртэл хугацаагаар эмчлэх шаардлага гардаг. Манай улс олон эмд тэсвэртэй сүрьеэг 24 сар эмчилдэг байсан бол энэ хугацааг богиносгох чиглэлээр судалгаа хийж, амжилттай үр дүнгүүд гарсан байна.