Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдсэн орнуудын нэг нь Япон улс. Тэгвэл Оросын Гадаад хэргийн яамнаас тус улсад хариу арга хэмжээ авч байгаагаа зарлаж, Курилийн арлын газар нутгийн маргаантай асуудалтай холбоотой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоож байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан япон улс ОХУ-ын эсрэг нэг талын хориг тавьсан нь илт найрсаг бус шинж чанартай байгаа тул дараах арга хэмжээг авахаар болсон гэжээ. Ийм нөхцөлд Оросын тал Япон улстай энхийн гэрээний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолгүй байгаа юм байна. Учир нь илт найрсаг бус байр суурь баримталж, ашиг сонирхолд нь хохирол учруулахыг оролдсон улстай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх боломжгүй боллоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн өмнөд Курилийн дөрвөн арлын газар нутгийн маргаан хоёр улсын хооронд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Орос, Япон улсуудыг энхийн гэрээ байгуулахад уг маргаан саад болсоор ирсэн гэж шинжээчид үздэг байна. Удаан үргэлжилж байгаа яриа хэлэлцээний үр дүнд маргаантай арлуудад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Японы иргэд визгүй зорчих зэрэг ахиц дэвшлүүд гараад байжээ. Тэгвэл яриа хэлэлцээ дуусгавар болж байгаатай холбоотойгоор дээрх хамтын ажиллагаанууд бас цуцлагдах юм байна.“Хоёр талын харилцаа, Японы эрх ашигт хохирол учруулсан бүх хариуцлагыг харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэхийн оронд оросын эсрэг бодлого явуулах сонголт хийсэн Японы эрх баригчид хүлээнэ” гэж Оросын талын мэдэгдэлд дурджээ. Украины хямрал эхэлснээс хойш Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ аваад байгаа. Тодруулбал, чип буюу хагас дамжуулагч, өндөр технологийн тоног төхөөрөмж, программ хангамж зэрэг нийт 300 орчим төрлийн барааны экспортыг хориглосон юм байна. Бас Оросын хэд хэдэн том банкны хөрөнгийг битүүмжилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний ойрын хүрээний хүмүүст хориг тавьжээ.