АНУ-аас Украинд илгээсэн тусламжийн зэр зэвсгийн нийт хэмжээ 2 тэрбум ам.долларт хүрсэн төдийгүй Украины цэргийн албан хаагчид шинэ төрлийн зэвсгүүдийг хэрхэн ашиглах талаар сургалтад хэдийн хамрагдсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ.
Мөн Пентагоны тэргүүний мэдээлснээр "Сүүлийн хоёр долоо хоногт АНУ-аас Украинд 300 сая гаруй ам.долларын цэргийн зэр зэвсэг нийлүүлсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн 7 хоногт 800 сая ам.долларын нэмэлт цэргийн тусламж үзүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Украины аюулгүй байдлын салбарт үзүүлж байгаа тусламжийн хэмжээ нийтдээ хоёр тэрбум гаруй ам.доллар болсон. Зөвхөн техник хэрэгслээр хангаад зогсохгүй Украины цэргийн албан хаагчдыг сургасан" гэжээ. Харин Словак болон Зүүн Европын орнууд Зенитийн пуужингийн С-300 цогцолборыг Украинд илгээхэд бэлэн байгаа эсэх талаарх асуултад хариулахдаа тэрбээр, “Бид Украинтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бусад холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж Киевт цаашид агаарын хилээ хамгаалах боломж олгохын төлөө ажиллана" хэмээн мэдэгджээ.