Тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин бууруулна

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Тусгай зөвшөөрлийн шинэ хууль”-аар дамжуулан илүү бүтээмжтэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тусгай зөвшөөрөл олголтын хугацааг 5-10 хоног болгон багасгаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны хүрээнд зөвшөөрлийн хугацааг цахимаар сунгадаг болох юм байна. 

E-Mongolia цахим системд 650 орчим лавлагаа тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн үйлчилгээг авах боломжтой болсон юм. Сүүлийн нэг жилд 2 сая гаруй хэрэглэгч цахим системийг ашиглажээ. Олон гарын үсэг хүлээдэг, хэн нэгэн албан тушаалтныг сар гаруй хүлээдэг байдлыг шийдэх гарц нь  одоогийн хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл юм.  

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын болон татварын бус дэмжлэг олгох асуудлыг хөндөж байна. Мөн шинэ хуулиар давхардал ихтэй тусгай зөвшөөрлүүдийг цөөлж, нэгдсэн нэг стандартад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр хот, хөдөөд ижил түвшинд тусгай зөвшөөрөл олгогдоно гэсэн үг юм. Аж ахуй нэгжүүд төрийн дарамтгүй, бизнесээ явуулах орчин нөхцөл бүрдэх юм байна.

Цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага бүр бэлтгэл ажлаа хангах ёстой. Төр иргэн аж ахуйн нэгж байгууллагынхаа өмнө үүрэг хүлээж байгаа. Төрийн мэдээллийг нийтэд ил тод болгосноор  төрийн өмчит компаниудын ашиг алдагдлын тайлан, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, гишүүдийн цалин, ашигт малтмалын газрын лиценз ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх мэдээллийг төр ил болгох үүрэг хүлээж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрд байгаа мэдээллийг ил тод болгох үүргийг төр хүлээж байна. Мөн төр зөвшөөрлийн тоогоо бууруулна. Блокчэйн технологид суурилсан технологийг барилгын салбарт хэрэгжүүлэхэд энэ салбарын компаниудад ихээхэн ашигтай байна. Харин гарын үсэг зурдаг албан тушаалтнуудад энэ өөрчлөлт халтай юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.