Төрийн хүнд суртал орон нутагт их байна 

Ковид-19” цар тахлаас үүдэн 3 жил орчмын хугацаанд завсарласан “Монголын эдийн засгийн чуулган” ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.  Уг чуулганыг угтаж 3-р сарын 21-30-ны өдрүүдэд “Шинэ сэргэлт” уриан дор  салбар салбарын яамдууд 6 сэдвийн хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тэгвэл  шинэ сэргэлтийн бодлогын зургаан үндсэн чиглэлийн нэг нь төрийн бүтээмжийн сэргэлт юм. Энэ хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах, төрийн хүнд суртлыг бууруулах, хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэхэд голлон анхаарч байгаа юм байна. Тэгвэл төрийн хүнд суртал бодит байдал дээр буурахгүй, дарамт шахалт их байгааг компанийн төлөөллүүд хэлж байна.

Төрийн байгууллагууд доод шатнаасаа дээд шат хүртэл хүнд суртал ихтэй, иргэд, аж ахуй нэгжүүдэд чирэгдэл учруулдаг гажуудал одоо ч хэвээрээ байгааг компанийн төлөөллүүд шүүмжилж байна. Мөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг гацаах, төрийн өмчит компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож чадахгүй байгаа хүнд суртлыг бий болгож  байгаа гэлээ.. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг дордуулахгүйгээр  шинэчилж чадвал төрийн хүнд суртал буурна хэмээн тэд үзэж байна.

Судалгаагаар авлига, албан тушаалын хүнд суртал хөдөө орон нутагт их гарчээ.  Бүрдүүлэх бичиг баримт ихийн дээр 7-14 хоног шаардагддаг нь хүнд суртал  үүсгэж хугацаа алддаг байна. Мөн шийдвэр гарах түвшинд буюу дунд, дээд шатанд авлига хээл хахуул, хүнд суртал хамгийн их  гарч байгаа юм байна. Үүнийг өөрчлөх нь  энэ удаагийн шинэ сэргэлтийн бодлогын гол зарчим юм байна.

Тэгвэл Улсын их хурлын гишүүн Энхбаяр   "Төрийн өмчит 160-аад компани бий. Харин орон нутгийн өмчит хэдэн компани байгааг мэдэхгүй. Нэгдсэн тоо байхгүй, хяналтаас гадуур байгаа. Төр нь бизнесийн салбар хувийн хэвшилтэй өрсөлдөж, нухчин дарж болохгүй”  хэмээсэн юм.

УИХ, Засгийн газар, хувийн хэвшил бүгд энэ цогц шинэчлэлтийн төлөө явж байна. Мөн төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат, олон нийтийн оролцоотой, хяналттай, авлигагүй засаглалд шилжүүлэх цогц реформ хийгдэнэ” гэсэн байр суурийг ч оролцогчид илэрхийлж байлаа.