Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мягмар гарагт CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсгээ хэрэглэх талаар тайлбарыг өгчээ. Украинд дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ уг мөргөлдөөнд НАТО-ийн эвсэл хөндлөнгөөс оролцвол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж мэдэгдэж байсан юм.
НАТО-ийн эвсэл Украины дайнд хөндлөнгөөс оролцож, цэрэг, техник хэрэгслээ илгээвэл ОХУ цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаалыг Владимир Путин өнгөрсөн сард өгсөн юм.
Энэ талаар CNN сувгийн сэтгүүлч Кристиан Аманпурын асуултад хариулахдаа Песков “Ерөнхийлөгч Путин бидний санааг зовоож байгаа асуудлыг дэлхий нийтэд сонсгож, ойлгуулах зорилгоор ингэж хэлсэн. Бид юунд санаа зовж байгаагаа хэдэн арван жилийн турш европ, АНУ, дэлхий дахинд хүргэхийг хичээсэн боловч хэн ч биднийг сонсоогүй” хэмээн тайлбарлажээ.
Тэр цааш нь “Бидэнд дотоодын аюулгүй байдлын тухай цогц бодлого бий. Энэ нь олон нийтэд нээлттэй байгаа. Ямар шалтгаанаар цөмийн зэвсэг хэрэглэж болохыг тэндээс уншиж болно. Хэрвээ манай улсын цаашдын оршин тогтнолд аюул учирвал хэрэглэх боломжтой” гэж мэдэгдсэн байна.
2020 онд Путиний баталсан ОХУ-ын цөмийн зэвсгийн бодлогын баримт бичигт өгүүлснээр тус улс хоёр тохиолдолд л бөөнөөр устгах зэвсгээ хэрэглэх ёстой гэнэ.
Эхнийх нь ОХУ болон түүний холбоотны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд, хоёрт, цөмийн бус зэвсгээр халдан довтолсны улмаас улс орных нь оршин тогтнолд аюул учирсан тохиолдолд гэж заасан байдаг юм байна.