Амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан зэрэг материаллаг бус бүх хохирлыг эдийн бус гэм хорын хохирол гэж үздэг бол материаллаг шинжтэй буюу эд хөрөнгийн бодит үнэ, алдагдал, олох ёстой байсан орлого, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг эдийн гэж үздэг. Хэдийгээр эдийн хохирлыг үнэ өртгөөр нь тогтоочихдог ч эдийн бус хохирол, сэтгэл санааны хохирлыг тогтоох боломжгүй. Тэгвэл сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 100-аад шүүхийн шийдвэрт судалгааны баг судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар өмнө нь байсан шүүхийн практикийг эвдэж шинэ жишиг тогтоосон гэж үнэлэхүйц, мөн дараагийн хэрэгт жишиг болгох боломжтой шийдвэрийг УДШ-ээс 2017 онд гаргаж байсан.
Одоогоор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд эхний ээлжид хохирогчийн бодит хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж байна. Гэхдээ эхний ээлжид бие мах бодийн болон эрүүл мэндийн үнэлгээг хийж шүүх эцсийн шийдвэр гаргадаг тогтолцоо хийх шаардлагатай.
Хохирлын үнэлгээг шүүхийн шатанд жишиг хэрэгсэл болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх, эдийн бус бие мах бод, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг шийдэх журам хомс тул хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна.