Энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно

Аж үйлдвэрийн сэргэлт сэдвийн хүрээнд дэлхийн цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол зэргээс шалтгаалж улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг нүүрсний хэрэглээ буурах цаг үе ирж байгааг салбарын сайд хэлэлцүүлгийн үеэр онцолсон бол байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлага бидэнд тулгарч байгаа аж ахуй нэгжүүд чухалчлан тэмдэглэжээ. 

Олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засгийг тэлэх боломж энэ салбарт бий. Гэхдээ томоохон мега төслүүд дэд бүтцийн асуудлаас болж төлөвлөгөөгөө хугацаандаа хэрэгжүүлж чадахгүй байдалд ордог. Тиймээс хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, хариуцлагын тогтолцоо ил тод байлгах нь чухал гэдгийг компанийн төлөөллүүд хэллээ. 

Цаашид боловсруулах салбарыг хөгжүүлж, ажлын байр нэмж, нэмүү өртөг шингээн, эдийн засгийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, сэргэлтийг авчрах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал зэсийн баяжуулах үйлдвэрийг бий болгосноор өнгөт төмөрлөгийн салбарын суурийг тавихаар төлөвлөжээ.  Ингэхдээ ЖДҮ, кластер хэлбэрээр хөгжих боломжийг бүрдүүлэх юм байна. 

Энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно. Ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулах юм. Энэ нь  ил тод, нээлттэй, ААН-үүд тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэхээс гадна хүний нөлөөлөлгүй болно гэсэн үг. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад дунджаар 35 хоног зарцуулдаг байсныг 7-10 хоног болгон бууруулах юм байна. 

Зэс хайлуулах үйлдвэрийн төслөө эхлүүлснээр, олон жижиг, дунд үйлдвэр кластераар цааш хөгжих орон зай бий болох юм. Тиймээс төрийн бодлогоор манай улс хагас боловсруулалтаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шилжих нь зөв гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.