Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна

Мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр үндэслэн хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл шинэ сэргэлтийн бодлогод багтаж байна. Тэгвэл хөнгөн үйлдвэрлэлийн салбарын гол асуудал болох боловсон хүчний дутагдал, тэр дундаа ноос, ноолуурын салбарын мэргэжлийн боловсон хүчний хомсдолыг үйлдвэрлэгчид онцлон хэлэлцэж байна.

Манай улс жилд 10 мянган тонн ноолууран түүхий эд бэлтгэдэг бөгөөд энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гарчээ. Бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувийг анхан шатанд боловсруулж, угаасан байдлаар экспортолдог. Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Бодит байдалд энэ салбарт эргэлтийн хөрөнгө байхгүй, хүн хүч дутагдалтай байсаар байна.

Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Хууль тогтоогчдын зүгээс самнасан ноолуурыг экспортод гаргах эхэлнэ гэлээ. Ингэснээр дотоодын зах зээлээ тэлэх боломжтойг ярилаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарт төлөвлөлт огт байхгүй. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогууд нь лоозон, уриа төдий хэлбэртэй байгаагаас салбарт уналт орох, мэргэжлийн боловсон хүчингүй болсон гэдгийг судлаачид шүүмжиллээ. Малын гаралтай үйлдвэрийн түүхий эдийг хөнгөн үйлдвэрлэлд ашиглах бүрэн боломжтой ч ашиглаж чаддаггүй. Учир нь шилжилтийн он жилүүдэд малынхаа ноос, арьс ширийг огт боловсруулахгүй, түүхий чигээр нь хөрш зэргэлдээ улс оронд хямдхан үнээр гаргадаг болсонтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Салбар яамны зүгээс шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд малын гаралтай түүхий эдийн нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэлээ. Мөн дөрвөн аймагт махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолборын байгуулах юм байна. Үүнд нийт 78 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Манай улс хүнсний хэрэгцээгээ 100 хувь хангах бүрэн боломжтойг салбарыг ахмадууд хэлж байна. Тиймээс боловсруулах үйлдвэрийн стандарт нэмэгдэхийн хэрээр тавигдах стандарт болон мал эмнэлгийн үйл ажиллагаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо шинэ түвшинд гарна. Энэ нь малчдын орлого нэмэгдэх, хоршоолж ажиллах, орон нутагт ажлын байр бий болох, аж ахуй нэгжүүд эргэлтийн хөрөнгөтэй болох юм.